2019.11.21 - 2020.03.31 МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС

 

Үзэсгэлэнгийн нэр: “МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС”  

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Барлах урлаг”-ийн  танхимд

Хэзээ: 2019 оны 11-р сарын 21-нд нээгдсэн.

Үргэлжлэх хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр, эд зүйлийн 20 гаруйхан хувийг байнгын үзүүллэгийн танхимаар дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа  бусад үзмэрүүдийг судалгааны болон хүртэхүйн эргэлтэнд оруулах зорилгоор жилд 1-2 удаа сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулж, үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр, эд зүйлийн багагүй хэсгийг монгол дархчуудын уран гараар бүтээгдсэн үзмэр, эд зүйлс эзэлдэг билээ. Энэ удаа бид уламжлал ёсоор тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа монгол уран дархчуудын хийсэн бүтээлүүдээс дээжлэн үзэгч олондоо хүргэж байна.

Монголчууд эрт үеэс үндэснийхээ язгуур төрхийг хадгалсан, үе үеийн урчуудын ухаан бодол шингэсэн дархны урлагаа хөгжүүлсээр ирсэн бөгөөд  өнөөгийн бидэнд уламжлагдан ирж,  музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Монгол дархны урлаг бүр  хүй нэгдлийн нийгмийн үед үүсэн бий болж дараа дараагийн түүхэн үеүдэд уламжлагдан хөгжиж байсныг археологийн биет олдворууд, чулуун зэвсгийн үеэс эхлэн төрт улсуудын түүхэнд холбогдох булш, бунхан, хот сууринд хийсэн судалгаагаар нотлогдсоор байдаг билээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсан цагаасаа хүмүүсийн гар дээр өвлөгдөн үлдсэн дүрслэх урлагийн дурсгалыг цуглуулах болсон бөгөөд үзмэр цуглуулга, хайгуулын ажлаар орон нутгаар явахдаа олон үзмэр, эд зүйл цуглуулсны нэг хэсэг болох монгол дарханы урлахуйн ухааны дээжисийг үзэгч олондоо толилуулж байна.

“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС” үзэсгэлэнд өөрсдийн ур ухаанаа шингээж, өвөрмөц арга барил, дэг сургуулиар бүтээсэн нутаг нутгийн алдарт дархчуудаас эхлээд нэр нь үл мэдэгдэх урчуудын дахин давтагдашгүй хийц бүхий 360 гаруй үзмэр тавигдсан бөгөөд ихэнх нь үзэгчдийн хүртээл болж байгаагүй бөгөөд анх удаа энэхүү үзэсгэлэнд тавигдаж байна. Үзэсгэлэнгийн нийт үзмэрийг монгол дархны багаж хэрэгсэл, монгол эрэгтэйн гоёл, монгол эмэгтэйчүүдийн зүүсгэл чимэг, ахуйн хэрэглээний зүйлс, шашны урлагийн бүтээлүүд хэмээн ангилж болно.      

Монгол дархны урлалд багаж чухал үүрэгтэй бөгөөд монгол дархчууд багажаа өөрсдөө хийдэг байв. Багаж нь нэр төрлөөрөө 30 орчим, тоо ширхэгээрээ 160 гаруй, янз бүрийн хээ угалзын цохилуур, хөөлтүүр нь 100 гаруй байдаг аж. Энд “чавганц” хэмээх Жамбал, Хөвсгөлийн Мишиг болон бусад дархчуудын хөөмөлийн багаж, алх, дөш, дэнс бусад зүйлсийг дэлгэсэн байна.  

Монгол эр хүний гоёл зүүсгэл нь эмэгтэйчүүдийн зүүсгэл чимэгтэй харьцуулахад овор хэмжээ бага, ажил хөдөлмөрийн өвөрмөц хувиартаа зохицсон, гол төлөв ган сийлбэр, мөнгөн эдлэл хэрэглэдэг байсныг эндээс харж болно. Тухайлбал, Далайчойнхор вангийн хошууны сургууль хийцээр овоглосон Гомпилын Ерэнтэй, “Цагаан” Самбуу, “Чавганц” Жамбал зэрэг алдарт дархчуудын уран хийцтэй ган сийлбэр болон мөнгөн тоногтой хэт хутга, бэл, хормойн боолт, эмээлийн чимэг, мөнгөн хазаар, хударга, ган дөрөө зэргийг нэрлэж болно.

Харин монгол эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэл нь олон арван төрөл байх бөгөөд тус үзэсгэлэнд халх, буриад, дариганга эхнэрийн толгойн боолт, үсний гэр, даруулга, хавчаар, ташааны зүүлт, таван саваагүй, ээмэг, бөгж зэрэг гоёлуудыг дэлгэжээ. Эндээс үзэгч олон маань монгол дархчуудын урлахуйн үйлийн арга технологи, уран сайхны сэтгэлгээний хөгжлийг олж харна.

Мөн энэхүү үзэсгэлэнд монголчуудын ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэгдэж байсан эд зүйлсээс мөнгөн аяга, сав суулгыг дээжлэн үзүүлж байна. Ахуйн хэрэглээний эд зүйлсийг ихэвчлэн мөнгө, зэс, гууль болон бусад металыг ашиглан хөөмөл, сийлбэрийн аргаар урлаж, чимэглэж байсан нь харагдана.

Монгол дархчууд бурхан бүтээх, шашны эд хэрэглэгдхүүн хийх болсонд монгол оронд бурханы шашин дэлгэрсэн нь гол нөлөө үзүүлсэн байна. XYII-XX зууны эхэн үед буюу бурханы шашны хожуу дэлгэрэлтийн үед хүрэл цутгуурын урлал хөгжсөн нь Өндөр гэгээн Занабазартай салшгүй холбоотой билээ. Тэрээр Төвдөд эрдэм ном сурч, шашны урлалд суралцаад нутагтаа ирсний дараа хэд хэдэн сүм, хийд байгуулсан нь бурханы шашин, түүний соёл, урлал дэлгэрэн хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн байнгын үзүүллэгт Өндөр гэгээний Язгуурын таван будда, Цагаан дара эх, Бодь суврага зэрэг бүтээлүүд үзэгч олонд оюуны цэнгэл эдлүүлсээр байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээс хэдэн жилийн өмнө хилийн чанадаас  авчран тус музейд шилжүүлсэн Аюуш бурхан болон нэр үл мэдэгдэх дархчуудын урласан суварга, ган сийлбэр бүхий лянганы багаж, судрын металл бар, мөнгөн хуудсан дээр бичсэн номын хэсэг, хонх, очир, Г.Ерэнтэй дархны ур ухааны ховор нандин бүтээл сангийн бойпор зэргийг  сонирхож болно.

“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАХУЙН УХААНЫ ДЭЭЖИС” үзэсгэлэнг толилуулах явцад тус музейгээс уг үзэсгэлэнгийн каталогийг бэлтгэн хэвлүүлж үзэгчид, судлаачдад хүргэж байгаа билээ.

Каталогит монгол дархны урлагийн түүхэн хөгжлөөс эхлээд монгол дархны сургууль хийц, дархны урлахуйн үйлийн онцлог, монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гоёл, чимэг зүүсгэл, шашны урлалын үүслийн тухай товч өгүүлэхийн зэрэгцээ дархны урлагийн нэр томъёоны товч тайлбар, үзэсгэлэнд дэлгэгдсэн болон дэлгэгдээгүй үзмэрүүдийн гэрэл зургийг хүргэж байна.