БИДНИЙ ТУХАЙ
Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нэгэн цагт дэлхийн хэмжээний хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн билээ.
Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл манай сан хөмрөгт хадгалагдаж байгааг дурдахад таатай байдаг.
Тус музейг үүсгэн зохион байгуулах ажил 1965 оноос эхлэж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэн дурсгалууд, монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн харуулж сурталчилдаг манай музей анх 300 гаруй үзвэртэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн соёл иргэншлийг сурталчлах, судлах, хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон бэхжсэн байна. 1989 онд тус орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галерей нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан билээ. 1995 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн,уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.
Эдүгээ манай музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 –10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь манай музейд хадгалагдаж байдаг. МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг,торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээл дурсгалыг манай танхимд үзэн сэтгэл баясах боломжтой. Ган төмөр болон үнэт ховор металыг ширээх, цувих, цоолборлох хөөх хэлбэх зэрэг монгол дархны урлах эрдмийн гайхамшгийг илтгэн харуулсан хэт хутга, гаанс сэтгүүр, эмээл хазаарын чимэглэл, домбо, завьяа, Ерэнтэй дарханы урласан ган сийлбэрт хэт хутга, мөнгөн цутгуур, сангийн бойпор зэрэг үе үеийн урчуудын үнэт ховор бүтээлүүд манай сан хөмрөгт бий.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монголын дүрслэх урлагийн зуун зууны шилдэг зураач,урчуудын уран бүтээл туурвилын сор,дахин давтагдашгүй үзмэрүүдийг дотоод гадаадын үзэгчдэд дэлгэн толилуулж, судалгааны гүнзгий үндэслэлтэйгээр тайлбарлан танилцуулахын зэрэгцээ хадгалан хамгаалах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд эрхэлдэг,үндэсний соёл урлагийн эрхэмсэг байхад оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
- Үзүүллэг үйлчилгээний ажилд чанарын өөрчлөлт гаргах
- Музейн аж ахуй хангамж,техник төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах
- Материаллаг орчин, хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах
- Музейн сан хөмрөгийн хадгалалт, бүртгэл мэдээлэл сэргээн засварлалт
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь үндсэн чиглэл, үзэл баримтлалын хүрээнд соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжилж, нээн илрүүлэх, олж авах, үзмэрийг бүртгэл баримтжуулах, музейн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүллэг дэглэх, үйлчлэх, гадаад дотоодын үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үзмэрийг гадаад, дотоод үзэсгэлэнд оролцуулах, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын дурсгалт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэх ашиглах, музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.
ЧИГ ҮҮРЭГ
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн зуун зууны шилдэг зураач, урчуудын сор, дахин давтагдашгүй үзмэр цуглуулгыг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн толилуулж, эрдэм шинжилгээ судалгааны болон урлагийн гоо зүйн мэдлэг мэдээллээр хангах үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрэл, судалгаа, аялал-танин мэдэхгүй үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит соёл, шинжлэх ухааны байгууллага юм.
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Энд дарж үзнэ үү.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Удирдлага
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал
Пүрэвсүх овогтой Байгалмаа /Доктор Ph.D/
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга
Зуут овогтой Аюушийн Содномцэвэл /Төрийн удирдлагын магистр/
Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Цэвэлмаа овогтой Баттуяа /Урлаг судлалын ухааны магистр/
Бүртгэл мэдээллийн санч, Эрдэм шинжилгээ судалгаа, сан хөмрөгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Тэгшжаргал овогтой Энхжаргал /СУИС-ын соёл судлалын докторант/
- ЮНЕСКО
- Гадаад орчин төсөл
- АНУ-аас монгол улсад суугаа элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн төсөл
- Музейн үзмэрийн аудио хөтөч төсөл
ЮНЕСКО-с санаачилсан "Соёлын өвийг хамгаалах ба музейг хөгжүүлэх" хөтөлбөрт Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх төсөл хамрагдсан юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжингүй болон хөгжлийн шилжилтийн үеийг дамжиж байгаа орнуудын соёлын өвийг хамгаалах, музейг хөгжүүлэх, олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.
2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:
БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлох
ҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийх
СУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургах
Тус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна.
Музейн ажил үйлчилгээний үр дүн нь үзмэр дурсгалаа сайн харж хамгаалах, өргөн олон түмэнд үзмэрээ дэлгэн үзүүлж соёлтой үйлчлэхээр хязгаарлагдахгүй.Байгууллагын дотор гадна орчны тохижилт, аюулгүй ажиллагаа, барилгын өнгө үзэмж, ухаалаг сурталчилгаа, цаг үеийн шуурхай мэдээлэл зэрэг олон хүчин зүйл манай ажлын үр дүнд нөлөөлдөг.
Бид үзэр үйлчилгээнийхээ ажлын бодит үр дүнг дээшлүүлэх, үзэгчийн сэтгэл ханамжийг улам бүр баталгаажуулах чиглэлээр хийж буй ажлын хүрээнд “Гаднах орчин” төслийг 2009 оноос хэргжүүлж байна. Энэ төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны төгсгөлд бүрэн хэрэгжүүлж дуусгах юм.
- Музейн барилгын өнгө төрхийг, уламжлалт архитектурыг алдагдуулахгүйгээр шинэчилэн сайжруулах
- Барилгын эргэн тойрны хамгаалалт, техникжисэн хяналтыг иж бүрэн хэрэгжүүлэх
- Дотоод нөөц бололцоогоо ашиглан,байгууллагын орчны эмх цэгц,тав тух, аюулгүй байдлыг хангах 3 үндсэн чиглэлийн ажлыг энэ төслөөр шийдвэрлэж байна.
БСШУЯ-ны шийдвэр гарч, 2011 оноос эхлэн байгууллагын өөрийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоо захиран зарцуулах болж байгаа нь төсөл бүрэн хэрэгжих нэг чухал баталгаа болж байна.
2009 оны VI сард Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэн, ОХУ-ын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн Профессор А. Очир, С. В. Данилов, эрдэмтэн Л. Эрдэнэболд, А. Бураев нарын удирдсан археологичдын хамтарсан баг Төв аймгийн Заамар сумын нутаг Шороон бумбагар хэмээх газарт байх нэгэн өвөрмөц дурсгалыг илрүүлэн археологийн малтлага явуулсан билээ.
Энэ бунхныг цаг хугацааны уртад тонуулчид ухаж , олдворуудыг их хэмжээгээр эвдэж сүйтгэсэн тул анхны хэлбэр төрхөө хадгалсан олдвор цөөн тоотой үлдэж, ихэнх нь хагарч эвдрэн байршил, төрхөө алдаж, удаан хугацааны туршид газрын чийгний нөлөөлөлд байснаар, мод даавуун материалуудаар хийгдсэн зүйлс нь өмхөрч өгөршин хэврэгшиж, түүхий шавраар бүтээсэн олдворуудад задарч бутрах хэлбэрээр муудах үйл явц эрчимтэй явагдсан байв. Зарим биет олдворууд хэсэг хэсгээр задарч бутарснаар эвлүүлж сэргээн засварлах боломжгүй болсон байлаа.
2009 онд нэн даруй бэхжүүлж хамгаалах шаардлагатай олдворуудыг цэвэрлэж бэхжүүлэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн музейн ажилтнууд тусгай төсөл боловсруулан АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах санд хандсан нь дэмжигдсэнээр Соёлын өвийн төвийн сэргээн засварлах хэлтсийн сэргээн засварлагч урчууд С. Чинзориг, Д. Нямдорж, Б. Мягмарсүрэн, Н. Жамбал нарын бүрэлдхүүнтэй баг 2010 оны 8-р сараас эхлэн бүх олдворыг цэвэрлэн бэхжүүлж, сэргээн засварлах, анхны хэлбэр төрхт ойртуулан сэргээж босгох, цөөн тооны бүтэн олдворуудын хуулбарыг хийх зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ.
Одоо эдгээр түүхийн чухал олдворуудыг Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзмэрийн сан хөмрөгт бүртгэж авсан байна.
Музейн үзмэрийн тайлбарыг боловсронгуй, хөнгөн шуурхай болгох, шинэ техник технологи оруулж ирэх, Монголыг зорин ирсэн гадаадын жуулчдад эх хэлээр нь Монголын түүх, соёл урлагийн тухай эмх цэгцтэй, үнэн зөв мэдээлэл өгөх Монгол орноо дэлхийд сурталчлан таниулах зорилгоор Нидерланд улсын Ханхүү Клаусын Сан /The Prince Claus Fund/-тай 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, “Музейн үзмэрийн Аудио хөтөч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн болно. Манай хамт олон төслийн үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.
“Музейн үзмэрийн аудио хөтөч” төслийн ач холбогдол:
Олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны нээлтэй, тав тухтай, соёлт үйлчилгээтэй орчин бүрдүүлэн үзэгчдийг татаж тэдэнд байнгын хүндэтгэлтэй харьцах замаар үзэгч өөрийн сонирхсон, судлахыг хүссэн чиглэлээрээ сонголт хийн үзэх боломжтой. ДУМ музейн үзэгчдэд үйлчилсэн олон жилийн туршлагаас монголд ирсэн жуулчид монголын түүх, соёлын бүхий л зүйлүүдтэй танилцах цаг багахан байдаг. Энэхүү төсөл нь гадаад, дотоодын үзэгчдэд богино хугацаанд дэлгэрэнгүй, судалгааны үндэслэл, мэдээлэл сайтай тайлбарыг мэдлэг болгон авах боломжийг өгөх юм.
“Музейн аудио хөтөч” төслийн текст бичих ажлыг ДУМ-н эрдэм шинжилгээний багынхан хийж гүйцэтгэн бэлэн болсон бичвэрийг мэргэжлийн урлаг судлаачын дүгнэлт гаргасны дараа музейн арга зүйн зөвлөлөөс хэлэлцэж, урлаг судлалын түвшинд сайн судалгааны ажил хийж бичсэн нийтэд танилцуулахад хангалттай зөвлөмж болохуйц бүтээлч ажил болж байгаа юм.
Yйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж ба Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт:
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
ГАР УРЛАЛ БОЛОН УРЛАГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЗҮЙЛС. МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА