Саран гүнжийн өдрийн тэмдэглэл - УРАН БҮТЭЭЛЧ Б.НАМУУН- БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН
Уран бүтээлч Б. Намуун нь 2017 онд Америкийн Нэгдсэн Улсын Денвер хот дахь Метрополитан Стейт их сургуульд урлаг судлаач мэргэжил эзэмшсэн. АНУ-д өргөнөөр дэлгэрсэн контемпорари урлаг түүний сонирхлыг ихээр татан дүрслэх урлагийн үүд хаалгыг нээж өгсөн. Тэрээр бүтээлүүдээрээ Sublime (мон: эрхэм дээд, сүрлэг агуу...)-ийг ирэн хайдаг. Уран бүтээлч Намууны хэлснээр “Мэдээллийн эрэнд амьдарч байгаа бидний анхаарал нийгмийн хар бараанд хэт автан өөрийн амьдарч буй орчиноо халтардсан бодлуудаар тольдсоор байгаа нь харамсалтай. Хүн бүрийн дотны хэрэглээ болсон смарт фоны үр дагавараар хэн хүссэн нь сурвалжлагч, мэдээллэгч, сэтгүүлч болчихсон. Дур мэдэн мэдээллэж байгаа эдгээр мэдээлэл нь сөрөг байх нь олонтай. Итгэлцэл хомсдож байна. Дэлхий, одон гариг хийгээд хүн төрөлхтөн хоорондоо салшгүй холбоонд захирагддаг. Хэдий бид би гэгч зааглал, хувийн орон зайд орших мэт боловч энэ нь хоосон зүүд төдийхэн юм. Энэ зүүднээс сэрж тэнгэр өөдөө харваас нөгөө л салгаж үл болом холбоосын хөврөл болохоо мэдрэх ажгуу.” Иймд тэрээр сэтэл сэргээх зорилготойгоор тод өнгийг түлхүү ашгилдаг. Түүний бүтээлээ туурьвах аргачилал нь ертөнцийн мөнөөх салшгүйтэй холбогдон сэдвүүд нь хөврөн гардаг. Бүтээлүүд анх эхэлсэн сэдвээсээ тэс өөр агууламжтай болж дуусах нь олонтай. Бүтээлийг гаргах зуур уран бүтээлчийн амьдралд гарах үйл явдлуудаас тэрхүү өөрчлөлтүүд үүдэлтэй. Энэ чанар нь уран бүтээлчид өөрийгөө болон хүрээлэн буй орчиноо илүү гүнзгий ойлгоход тусалдаг гэдэг.