“Эрдэнэ болсон гурван сахиус”
Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей тэдгээр өв сангийн арвин цуглуулгатай бөгөөд хадгалан хамгаалахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол явуулдаг. Энэ удаад Арван хангал цуврал үзэсгэлэнгийн 4 дэхь буюу “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнг уламжлал болсон зурагт тайлбар бүхий каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна.
Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.
Үзэсгэлэнд музей сан хөмрөгөөсөө өмнө гарч байгаагүй хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонгор бурхадын баримал, зурмал бүтээлүүдийг дэлгэж байна. Эдгээрнь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын зуу гаруй бүтээлүүдээс бүрдэж байна.Гурван сахиус нь Монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Баян Намсрай, Гонгор нь эд баялаг арвижуулах, Жамсран нь цэргийн үйл хэрэг, дайн тулаанд хамгаалагч сахиус хэмээн шүтэж иржээ.
Үзэсгэлэн 2016 оны 10-р сарын 26-ны 16 цагт нээгдэх ба сарын хугацаатай үргэлжилнэ.