2018.05.16 МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС: ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаа тус музей сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсгүүдээ дэлгэн үзүүлэхээр бэлтгэлээ.

Монголын ард түмэн хөгжмийн зэмсгийн талаар баялаг түүхтэй билээ. Эрт үеэс монгол нутагт оршин суугчдын дунд хэрэглэгдэж байсан хөгжмийн зэмсэгийн тухай археологийн олдвор, хадны сүг зураг, хөгжимт аман зохиолын нэн эртний хэлбэрүүд болон бусад хэрэглэгдхүүнээс мэдэж болно.

Монгол угсаатнууд нэлээд дээр үеэс хааны ордон, төрийн ёслол, найр наадам, ан ав, цэрэг дайны, шашны болон иргэний аж байдлын зан үйлүүдэд хөгжим үүсгэн дуулж бүжиглэдэг байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байхын зэрэгцээ дотоод гадаадын эрдэмтэн, судлаачид нарийвчлан судалсаар ирсэн байна. Хамгийн анх түүхч Г.Бадрах 1930-аад онд “Монголын хөгжмийн түүхээс” номондоо монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийн тухай өгүүлсэн байдаг.

Монголын анхны төрт улс Хүннүгийн үед хэнгэрэг, бүрээ, хуур, цуур зэрэг цохивор, товшуур, үлээвэр, чавхдаст хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байжээ. Хүннүгийн дараа төр улсаа байгуулсан Сяньбичууд 80 төрлийн хөгжмийн зэмсэг оролцсон чуулгатай байсан бол Уйгар, Киданчууд өөрсдийн нутгийн хөгжмийн зэмсэгээс гадна хөрш улсуудаас хөгжмийн зэмсэг захиалан авах зэргээр ордны цэнгээн, найр наадамдаа төрөл бүрийн хөгжмийн зэмсэг ашигладаг байв. Мөн Монголчууд байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн дайны хэнгэрэг дэлддэг байжээ.

Г.Бадрах өөрийн номондоо Монгол үндэсний хөгжмийн зэмсгийг хийц бүтцийг нь харгалзан төмөрлөгийн, чулууны, чавхдасны, хулсны, хулууны, шороон, ширийн, модны хэмээх найман аялгууны аймагт хуваан ангилсан байна. Мөн хөгжмийн зэмсгийг дуугаргах байдлаар нь үлээвэр, цохивор ба чавхдаст хөгжим гэж бас ангилдаг аж.

Монгол урчууд хөгжмийн зэмсэгүүдийг эрт үеэс гууль, зэс, модоор урлаж, тэдгээрийн бүтэц, дуугаралтад анхаарахаас гадна, ур ухаанаа шингээсэн гоёмсог сийлбэр, хээ угалзаар чимэглэдэг байв. Мөн гэмтэж эвдрэхээс хамгаалан аялгуу, чанар, эдэлгээнд нь нөлөө бүхий үнэртнээр ариулан, бөс даавуу, торгомсог эдлэлд ороож хадгалдаг байжээ.

Монголчууд хөгжмийн зэмсэгийг найр наадам, баяр цэнгэлийн үед хэрэглэхээс гадна мэргэ төлөг тавих, далд увидасыг нээх болон шашны олон төрлийн ёслол, зан үйлд өргөн ашиглагдаж иржээ. Тухайлбал, заавал хосолж үлээдэг цордон бүрээ, их бүрээ, дуу дарам, хэнгэрэг, цан, дамар, хэнгэрэг, бялар буюу бишгүүр зэргийг цам бүжгийн үед өргөн хэрэглэдэг бол, гандан хэмээх хүний дунд чөмөгний ясаар хийсэн хөгжмийн зэмсэгийг шашны өөр зан үйлд хэрэглэнэ. Мөн дун, дэншиг, сэлнэн зэрэг үлээвэр, цохивор хөгжмийн зэмсэгүүд ч бий. Эдгээрийг гол төлөв сүм хийдийн газар хурал ном хурах зэрэг шашны янз бүрийн зан үйл, ёслолын үед тоглодог болой.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байсан зэмсгүүд байна. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтах юм.

Энэ удаагийн Олон улсын музейн өдөр нь “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор явагдаж байгаа билээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ уриан дор олон шинэ үзэгчийг татах зорилгоор мэдээллийн технологийн шинэ техник дэвшил нэвтрүүлэн, үзэгчиддээ QR кодыг ашиглан үзэсгэлэнгийн үзмэрийн талаарх мэдээллээ хүргэхээр төлөвлөж байна.

QR (Quick Response) кодыг 1994 онд анх Япон улсад зохиосон бөгөөд өдгөө дэлхий даяар олон нийтийн хэрэглээнд нэвтэрчээ. QR код нь ухаалаг гар утас, таблет болон бусад төхөөрөмжөөр уншигдах дөрвөлжин хэлбэрийн шошго ба төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, цахим хаягтай холбох зэрэг үүрэгтэй. Музейн хувьд QR кодыг үр дүнтэй ашиглах олон арга бий. Үзмэрийн тайлбарыг уламжлалт хэлбэрээр хүргэхийн хажуугаар энэхүү кодыг ашиглан нэмэлт текст, зураг, видео, аудио болон веб хуудас дахь мэдээллийг үзэгчид өөрийн ухаалаг төхөөрөмж эсвэл музейн таблетийг ашиглан авах боломжтой. Үүний тулд ердөө тухайн ухаалаг төхөөрөмжиндөө QR код уншигч аппликейшн суулгахад хангалттай.

Энэхүү код нь биет ертөнцийг интернет ертөнцтэй холбох харилцааны шинэ хэрэгсэл юм.

“Музейн сан хөмрөгөөс: Хөгжмийн зэмсгүүд” үзэсгэлэн 2018 оны 5-р сарын 16-наас 6-р сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлт: 2018 оны 5-р сарын 16-ны 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.