2018.11.23 – 2019.01.22 БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР, ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй  бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөрөгүүд онцгой байр эзлэдэг.

Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, Хоёрдугаар Богд  Лувсандамбийдонмэ, Гуравдугаар Богд Ишдамбийням, Дөрөвдүгээр Богд  Лувсантүвдэнванчүгжигмэджамц, Тавдугаар Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, Зургадугаар Богд Лувсантүвдэнчойжижалцан, Долдугаар Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, Наймдугаар Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу Богдуудын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй үнэт үзмэрүүдээс эрхэм үзэгч танд дэлгэн, толилуулж байна. Монгол орноо XVII зуунаас Богд жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнийг намтар түүхнээ олноор дурдсан байдаг. Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэгдэнэ.