Tанилцуулга
XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Монголчуудын язгуур аж төрөх ахуй,угсаатан зүй, нийгмийн байдал, ёс заншил болон шашны сэдэвтэй зургуудыг бүтээж ирсэн нь “Монгол зураг” хэмээх урлагийн нэгэн төрөл чиглэл болон хөгжиж иржээ. Монгол зургийн гол онцлог нь Монгол түмний оюун санаа, уран сэтгэмж, хорвоо ертөнцийг үзэх үзэл өвөрмөц аргаар илэрхийлэгддэг. Монгол зураг нь уран дүрслэл, өнгийн хослол нэгдэл, гүн ухааны агуулгаараа баялаг юм. Монгол зураг нь ардын гар урлал, зураасан зураг, номын зураг чимэглэл, хүрээ хийд, аж байдлын зэрэг чиглэлээр төрөлжин шашны, үлгэр домгийн, байгаль амьтан, хээ угалз зэрэг сэдэв зонхилж байв. Энэ үеийн дүрслэх урлагийн хөгжил болоод Монгол зургийн онцлог ялгааг гаргасан бүтээлүүдээрээ зураач Б.Шарав, Цагаан Жамба, А.Соёлтой, Сономцэрэн, Д.Дамдинсүрэн, Д.Манибадар тэргүүтэйзураачид түүчээлж байсан байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээл өдгөө Дүрслэх урлагийн арвин их сан хөмрөгийг баяжуулсан билээ.
Онцлох үзмэрүүд
Монгол хөзрийн зураг
Монголын Дүрслэх урлагийн музейд буй хөзрийн зургууд нь эртний Уйгарын Турфаны буддын сүм хийдийн ханын зураг ба Хятаны байгалийн болон хөрөгүүдтэй зүйрлэхээр зохиомжын найруулга, өнгөний зохицолтой. Монгол хөзрийн зурагт өнгийг ихэвчилэн улаан, бор шаргал, цайвар ногоон зэрэг өнгийг зохицилдуулан зурсан байдаг ба будгийг хурц тод биш харин шингэлэн уусгалт хийж тавьдаг онцлогтой. Энэ арга нь ихэнхдээ Монгол зургийн өнгө тавих ба будгийг байгалиас сонгож ашиглаж байсантай холбоотой. Үүний учир нь монгол орны байгаль, цаг уур, нутаг усны өнгийг илтгэсэн гэрэлтэй дулаан өнгө эртнээс нүүдэлчдийн орон гэр, хувцас, эдлэл хэрэглэлд түгээмэл хэрэглэгдэж байсныг илтгэнэ.
Монгол хөзрийн зурагт байгаль, хүн, мал, амьтан, эд юмсын хэлбэр, хийц, донж маяг, орон зай, эзлэхүүнийг илэрхийлэх уран сайхны дүрслэлийн гол арга нь уран нарийн зурааснуудын таталт юм. Дүрслэл, илэрхийллийн маш эртний арга болох зураас урлагийн түүхийн эхлэл хадны зурагт анх үүсч, улмаар олон зууны турш дүрслэх урлагийн бусад төрөлд дамжин хөгжсөнөөрөө монгол зурагийн дэг түүнчлэл монгол хөзрийн зургийн ч мөн хөгжих суурь болжээ. Ингээд нэгэн жишээг авбал уламжлалт өрнө дахины хөзрийн зурагт дүрслэгддэг ноён ба монгол хөзрийн зурагт дүрслэгдсэн ноён дүрслэлийн хэлбэр болоод дүр хоорондын ялгаатай байдал, илэрхийлэлүүд хэрхэн өөр байгааг дурьдваас сар хөзрийн ноёнг дүрсэлсэн зурагт гурван давхар олбог дээр зүүн хөлийг нугалан, баруун өвдөгийг босгон сууж, баруун гартаа барьсан хаш соруултай гаансыг зүүн гар дахь шар ууттай тамхинд дүрэн, зүүн тийш жишүү харан байгаа сүлжмэл хар гэзэгтэй ноёнг зуржээ. Үйл хөдлөлийг ч илэрхийлэн харуулсан байна. Ноён тогосын өдөн отго жинстэй малгай, монгол гутал, нударгатай цэнхэр дээл, ногоон бүс, (улаан даалин урдаа бүснээс зүүсэн), өмссөн байна. Түүний баруун гар талд өндөр хар хүрээтэй бөмбөгөр шар оройтой тогосын өдөн отго жинстэй малгай, нударгатай хөх дээл, шар тоногтой хар монгол гутал, ногоон бүс, (шар даалин баруун ташаандаа зүүсэн), дээлийн гадуур зөв энгэртэй улаан хүрэм өмссөн урт хар гэзэгтэй хиа хоёр өвдөгөөр сөхрөн сууж, зүүн гартаа хуйтай шүдэнз, баруун гартаа асаасан шүдэнз барин ноён өөдөө харан сууж байна. Тэдний дундхи цаад зайд шар, улаан алагласан ширээн дээр улаан тагтай шар гүц, цэнхэр аяга, түүнээс дээшхи зайд хөзрийн ялгах тэмдэг болох шар өнгийн сар дүрс тус тус дүрсэлсэн байна. Энэхүү хөзрийн ноёныг дүрсэлсэн байдал нь тухайн ноёдууд ямар хэргэм зэрэгтэй болоод юу юу эдэлж хэрэглэж байсан хийгээд монгол соёлын онцлог ахуй, ноёны хэргэм зэрэг нийгмийн байр суурь, хувь хүний зан ааш гадаад дотоод шинжийг хөзрийн жижиг хавтгай дээр чадварлаар дүрслэн зурсан нь Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудаас олддог дүрслэлийн өвөрмөц хэлбэртэй хөзрийн зургуудад ч ажиглагддаг. Хөзрийн зураг бол зөвхөн тоглох төдийхөнд хамрагдах биш урлалын болоод хүн хоорондын харилцааны чухал хэлбэр байсныг харуулж байна.