Цам

Tанилцуулга

Цам нь эртний Энэтхэгт үүсэж, Төвөдөөр дамжин Монголд дэлгэрсэн бурхны шашны нэгэн томоохон зан үйл юм. Цам гэдэг нь төвөдөөр “нам дарах” гэсэн утгатай үг бөгөөд цамнах үед биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих, мутрын олон хөдөлгөөн хийх, хөлөөр харайх, дэвслэх, алхах зэрэг хөдөлгөөнөөр хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг хөөн зайлуулах бэлгэдэлт утга бүхий үйл юм.

Цам харайх үйл явцад линга эвдэх, сор балин гаргах, жахар залах, уншлага, урилга явагдах, бясалгал хийх зэрэг нууц тарнийн зан үйлүүд үйлддэг байна.

Монголд анхны цам Зүүн гарын улсад 1723 онд,дараа нь 1786 онд Эрдэнэ зууд гарч, Их хүрээнд Жахар цам буюу Их цамыг 1811 онд IV Жавзандамба хутагт Лувсантүвдэнваанчигжигмэджамцын /1755-1813/ үед анхдэглэн гаргасан түүхтэй. Үүнээс хойш 1937 он хүртэлтасралтгүй 127 удаа гарч байгаад цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цам гарахаа больж харин 1999 оноос Хүрээ цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн зарим хийдэд гарч эхэлсэн.

Зуны адаг сарын шинийн 9-нд Жахар цам гардаг байжээ.

Цам нь Монголд дэлгэрэхдээ манай ард түмний өвөрмөц зан заншил, түүх домог туульсын баатрууд, эртний бөө мөргөлийн уламжлалын зарим зүйлээс аван баяжиж, олон янзын агуулга, дүр байдал, үйл явдал, тавилт дэглэлтээр өвөрмөц онцлогийг олж хөгжсөн байдаг. Мөн газар газрын сүм хийдүүдийн шүтээн сахиус, уул усны лус савдаг өөр өөр байдагтай нэг талаар холбоотойнөгөө талаас нутаг нутгийн ард түмний зан заншлын өвөрмөц онцлогтой уялдан цамд гарах дүрийн тоо,дүр дүрслэл, цаг хугацаа, ёс жаяг, дэг хөдөлгөөнийхөө хувьд ялгарах болсноор Жахар цам, Тахилын цам, Майдарын цам, Бухан цам, Хангалын цам, Эрлэг цам, Гэсэрийн цам, Мялын цам гэх мэт төрлүүд бий болжээ.

Цам нь нэг талаас шашны зан үйл боловч нөгөө талаас дүрслэх урлагийн бүтээл, театр, жүжгийн, бүжгийн урлагийн цогц нэгдэл гэмээр харагддаг.

Уран гарт, билиг авьяастай хүмүүс болох зураач, барималч, дархан, оёдолчин, хатгамалчдын оюун ухаан, ур чадвараар бүтдэг гүн бэлгэдэл, уран тансаг хийц бүхий баг, хувцас, гутал, хөгжмийн зэмсэг, зан үйлийн хэрэглэл, тахил зэрэг нь цамыг бодит сүрлэг, сүрдэм харагдуулдаг билээ.

Монголд цамын багийг урлаж байсан тухай ном зохиолд тэмдэглэснээс үзвэл зөвхөнИх хүрээнд гэхэд: Баргын аймгийн нэртэй зураач, барималч чамбон Пунцаг-Осор, Намдлингийн аймгийн цогчин гэсгүй Ёндон, Дарь эхийн “Ачит” Самдан зэрэг чамбонгууд, Хүрээний их зураач Зоогой аймгийн Жүгдэр, Номчийн аймгийн өндөр бурханч, алдарт лавчин Лувсанцэрэн, Зоогой аймгийн унзад зураач Гэндэндамба,оёдолчин эхнэр Бадам, Сүнгийн аймгийн хатгамалч хүүхэн Долгорсүрэн зэрэг олон алдартай урчууд цамын баг өмсгөлийг урлахад оролцож байжээ.

Онцлох үзмэрүүд

Шүрэн баг

Улаан Сахиус буюу Жамсран бурхны багийг Их хүрээний чамбон Пунцаг-Осор 1900-аад оны эхэн үед урлажээ. мБагийг цаасан шуумлын аргаар хийж түүнийгээ жижиг, том  хэмжээтэй 7-10 мянган ширхэг улаан шүрийн хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх чигийн дагуу, үй зайгүй шигтгэн урласан нь өдгөө гоц хийцтэй урлагийн гайхамшигт бүтээл болон музейд дэлгэгдэж байна.

Багийг таван дэлбээ эсвэл хохимой толгойн титэм, доош унжих жавдар, даржин, ээмэг зэргээр чимэглэх бөгөөд үүнд  уран дархны оролцоо, эрдэнийн чулуу, шүр, оюу, анар шигтгэсэн хөөмөл, хөөлтүүр, цохимол, сийлбэр, шармал болон зээгт наамал, уран хатгамлын аргаар маш нарийн оёх зэрэг олон талын арга ажиллагааг хослуулан бүтээж байжээ.

Их хүрээний цамын баг нь бусдаас эрс ялгагдахаар том хэмжээтэй байжээ. Тэдгээр баг нь хүний толгойн хэмжээнээс даруй 2 дахин том бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо багийн нээлттэй амаар хардаг байсан гэнэ. Ийнхүү монгол урчууд уран сайхны хэтрүүлгийг ашиглан баг дүрсийг маш бодитой чадмаг үйлдэж байсан нь цамын бүжигт дүрийг илэрхийлэх нэгэн гол хэрэглэгдэхүүн болох цамын багийн хөгжилтөд оруулсан чухал хувь нэмэр болно.

Цамын өмсгөл

Цамын үндсэн өмсгөл нь додиг хэмээх цээж,  модиг буюу хормойвч, шүшив хэмээх агуу ханцуйт дээл, матар хоншоорт гутал, баг зэргээс бүрдэх бөгөөд эдгээр хувцас нь цөм нийлээд муу аюулыг тонилгох, бурхан шашны дайсныг даран сөнөөхийг бэлгэдсэн зан үйлийн хувцас болно. Эдгээр хувцас өмсгөлийг тансаг, гоёмсог хоргой торго, магнаг хэрэглэн, өнгийг урлаг төгс зохицуулан янз бүрийн утга бэлгэдэлтэй хээ угалзнуудыг зүү ороох, зээглэх, задгай утсан хатгамал, товгор зээг зэрэг оёдлын олон аргыг хослуулан монгол урчуудын нэгдмэл ажиллагаагаар бүтээж байжээ.