Tанилцуулга
МЭӨ - 3 - МЭ 1- р зууны үед Монгол газар оршин тогтнож байсан Хүннү гүрний үед хонины цагаан эсгий дээр хоорондоо тулалдан тэмцэлдэж байгаа есөн хос араатан амьтдыг өнгө зохицуулан хийсэн эсгий ширмэл ширдгээс эх үүсэлтэй зээгт наамлын урлаг нь 19-р зууны үед хөгжлийнхөө оргилд хүрчээ. Зээгт наамлын урлагийн онцлог бол торгон дээр торгоор зурах гэдэг нарийн төвөгтэй, чимхлүүр урлаг юм. Зохиомж, өнгө, дүрслэл, гүйцэтгэлийн хувьд уран сайхны хувьд дорно дахины сонгодог урлагийн эрдэнэсийн санд зүй ёсоор ордог.
Торго, хоргой, магнаг, алт мөнгөн саа, есөн эрдэнэ алт, мөнгө, шүр, оюу,номин, сувд, тана, зэс, ган зэрэг үнэт тансаг биет материалаар хийгддэгээрээ өвөрмөц бөгөөд уран сайхны хэтрүүлэг, дүр дүрслэлийн үлэмж сүрлэг хэллэг, хурц тод өнгө зохицол нь хүний сэтгэл булаах гоо сайхны ер бусын увидастай ажээ. Хоргой, торгоор өнгө хоршуулан, зээглэж урладаг энэхүү гайхамшигт урлаг нь дүрслэн үзүүлэх аргахэрэгсэл нь Танка зургаас хавьгүй илүү ур ухаан, авъяас чадвар шаарддаг тул түүнийг торгон зээгт наамлын урлаг гэж нэрлэдэг. Зээгт наамлын урлагийн танхимд Зоогойн аймгийн Жүгдэр, Тойсүмлин аймгийн Цэнд, Андуу нарын аймгийн Тавхайбор, Хасгомбо зэрэг Их Хүрээнд төвлөрсөн монголын алдарт урчуудын урлан бүтээсэн дахин давтагдашгүй урлагийн сор дээжис болсон бүтээлүүд хадгалагдаж байдаг билээ.
Онцлох үзмэрүүд
Ганзай
Хасгомбын хар зургаар Их Хүрээний урчуудын бүтээсэн “ Ганзай ” хэмээх зээгт наамал бол уран сонин хэллэгтэй, билэгдлийн баялаг дүрслэлтэй бөгөөд хэд хэдэн хөндлөн үенээс бүрдсэн зохиомжинд үүлэнд умбасан шовх сарьдгийн оройгоор элэн халин нисч буй шувуудаас гадна нар, сар,уул,цэлмэг тэнгэрийн билэгдлийн зүйлс, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, шашны хөгжмийн зэмсэг, тахил, шүтээний эд хэрэглэл,араатан гөрөөс, адуу малыг маш өргөн дэлгэр хүүрнэн үзүүлж, тэдгээрийн давтагдашгүй хөдөлгөөн донж төрхийг илэрхийлсэн байдаг.
Цогт Охин Тэнгэр (Балданлхам)
Цогт Охин Тэнгэрийг ертөнцийн ёсыг хатуу зөөлөн дүрээр удирдаж, хамаг амьтныг эх мэт асарч, хүч хайр, зүрх сэтгэлээ зориулж, хүссэн цагт өдрийн гурван харуул, шөнийн гурван манааг илгээж, есөн хүслийг хангадаг бурхадын эх болсон гэж эн тэргүүнд үздэг аж. Нөгөөтэйгүүр хүнийг бүхлээр нь залгигч эм мангас, нүгэлтний хар цэргийг яргалж алсан дайны их жанжин ч гэж үздэг. Ийнхүү Лхам сахиус нь олон төрөлд хувилдаг хүчит рид хувилгаан чадалтай ажээ.
Их Хүрээний Зоогой аймгийн бурханч Хосгомбын бүтээсэн 110х137 см-ийн хэмжээтэй эл зээгт наамлын бүтээл нь 1995 онд засгийн Газрын тогтоолоор хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон дүрслэх урлагийн дахин давтагдашгүй бүтээлийн нэг юм.
Хасгомбын бүтээсэн энэхүү бүтээлд Балданлхам сахиусын шарга луусын баруунаа “Матар толгойт”, зүүнээ “Арслан толгойт” хоёр нөхөр, түүний дөрвөн улирлыг даасан дагуулын хамт бүтээлийн төвд зохиомжлон, тэдгээрийн дээр баруун зүүнээ Наманчлалын бурхадын нэг, Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонхова нарыг залан, үзмэрийн зүүн доодод баруунаа эд баялагийг бэлэглэгч Норжинлхамыг, зүүнээ шүлэг, яруу найраг, дуу хөгжимд төгс, оюун ухааны эзэн Янжинлхам нарыг тус тус дүрслэн, хоргой, торгыг өнгө зохицуулан, алт, мөнгө, шүр, сувд зэрэг есөн эрдэнээр чимэн урласан нь нэгэн харахад тансаг уран зураг мэт, нөгөө харахад сонгодог баримал шиг агаарлаг, тансаг, өнгөлөг, төгс биетлэг харагдан, үзсэн бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.