Шүтээн зураг

Tанилцуулга

Монголчууд” Шүтээн зураг, эрдэнэт зураг, бурхан зураг” хэмээн нэрлэж байсан энэхүү зургийн төрөл нь дэлхий дахинаа “Танка” хэмээх нэрээр нэрлэгдэж иржээ. Танка гэдэг нь төвд үг бөгөөд “Тан” гэдэг нь талбай хавтгай гэсэн утгатай, “Га” гэдэг нь нэр үг үүсгэгч дагавар тул хавтгай дээр зурсан зураг гэсэн утгатай нийцнэ.

Монголд буддын шашин дэлгэрсэнтэй холбоотой танка зургийг бүтээх эрдэм маш эртнээс өргөн дэлгэрчээ. Энэхүү зургийг хэрхэн бүтээх арга нь Ганжуур болон бусад олон сударт бичиж тэмдэглэн үдсэн байдаг бөгөөд XVII зуунаас Монголд сүм хийд байгуулагдаж улмаар тэдгээрийн дэргэд бүтээлийн сүм болон барханы газрууд байгуулагдан бурхадын хөрөг зураг, ном судрыг хэдэн зуугаар бүтээх болсон байна. Эртний Энэтхэг, Төвдийн бурхан зургаас улбаалан орж ирсэн шүтээн зураг, Монголд хөгжихдөө өнгө, дүрслэл, бэлгэдэл зэрэгтээ өөрийн уламжлалаа шингээн монгол гэсэн өнгө аясыг хэдийн бүрдүүлэн хөгжсөөр XIX-XX зуун гэхэд ур хийцийнхээ хувьд өндөр түвшинд хүрчээ.

1930 оны сүүлээс шүтээн зураг урлах ажил тасарсан хэдий ч 1990-ээд оноос шашны сургуулиуд байгуулагдан бурханы шашны урлаг бүхий л төрлөөр дахин сэргэх боломж бүрдсэн билээ. Өдгөө шашны сургуулиудад урлал бүтээлийн ангиуд үүсэн түүнд олон арван банди нарсуралцаж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хоёр ч танхимд шүтээн зургийн нэлээдгүй бүтээлүүд дэлгээтэй байдаг. Тэдгээр нь ихэвчлэн XIX зууны эх XX зууны сүүл үед холбогдох Их хүрээний урлаач нарын бүтээлүүд хадгалагдаж байгаа. Мөн хэд хэдэн бүтээл Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Монголын түүх соёлын “Хосгүй Үнэт” дурсгалын бүртгэлд ороод байна.

Онцлох үзмэрүүд

Ногоон дара эх

Ногоон Дара эхийн лагшингийн өнгө ногоон, хоёр мутраар лянхуа цэцгийн ишнээс чимхсэн, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь амьтдын зовлонг сонсож буй мэт зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай, баруун хөлөө унжуулан бадам цэцгийн мандалнаа заларна.

Домогт Ногоон дара эхийг найман аюулаас гэтэлгэж тус хүргэдэг гэдэг.Найман аюул гэдэгт: арслан мэт омогийн, заан мэт мунхагийн, гал мэт уурын, могой мэт атаагийн, ус мэт хүсэл тачаалын, эргэлзэж тээнэгэлзэхийн, хулгайч мэт муу үзлийн, чөдөр мэт хармын аюул эдгээр болно. Эдгээр найман аюул нь дотоод сэтгэлийн аюул бөгөөд аливаа хүнд гадаад ертөнцийн аюул ховор дайралдах боловч дотоод сэтгэлийн аюул өдөр тутамд заналхийлж, нирвааны замд саад болж байдаг хэмээн үздэг байна.

Монголын үе үеийн урлаачид бодит хүний дүрийг бурханчлан бүтээж ирсний нэг нь ХIХ зууны үед мартан зургийн аргаар зурсан энэхүү бүтээл юм.

Ловон Бадамжунай

Ловон Бадамжунай амгалан дүрээр бадам цэцгийн мандал дээр очирт суудлаар заларна. Тэргүүнээ улаан  малгай залж, задгай алтан хээтэй номын хувцас асаан, жанчны хормойг цэцгийн дэлбээ мэт нугалан суужээ. Баруун мутартаа алтан очир, зүүндээ насны бумбатай гавал барин, мөрөндөө хадамгай түшүүлжээ.

Ловон Бадамжунай номын хүчээр газар, усны эзэн савдгийг номхруулан, “Очир гадасны увдис үзлийн эрхис нууц тарнийн судар” туурвин, нимава ёсыг дэлгэрүүлжээ.