Ардын урлаг

Tанилцуулга

Ардын урлаг нь монгол ардын язгуур урлаг, монгол ардын аман зохиол, уламжлалт зан үйл, баяр наадам, ардын уламжлалт гар урлал зэрэг олон зүйлээс бүрддэг бөгөөд биет болон биет бус соёлын хосолсон хэлбэрээр илэрдэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Ардын урлаг” үзүүллэгийн танхимд XIX-XX зууны үед холбогдох монголчуудын ур ухаанаа шингээж урласан уламжлалт өв соёл, ардын гар урлалын бүтээлийн дээжис, XVIII-XIX зууны монголын уран барилга архитектур, хүрээ хийдийн зураг урлал, монгол дархны урласан гоёл чимэглэлийн эд зүйлс, уламжлалт тоглоом наадгай зэрэг монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэрийн дээжсийг дэглэн олны хүртээл болгож байна. Мөн манай музейгээс дархан урлалын хийцүүд, Далайчойнхор хийцийн гол төлөөлөл болох Алдарт Г.Ерэнтэй дарханы урласан ган сийлбэр хэт хутга, мөн Дэмбэрэл, Самбуу дархны урласан хосгүй үнэт бүтээлүүд зэргийг толилуулж байна.

Онцлох үзмэрүүд

Хархорумын мөнгөн мод

Монголын эртний нийслэл Хархорум хотын “Их хаан”-ы ордон  дотор байрлах уран гоё хийцээрээ гайхагдсан үзэсгэлэнт зүйлсийн нэг нь Францын алдарт уран дархан В.Бушегийн 1254 онд урлан босгосон Мөнгөн мод юм. Мөнгөн модыг 4 метр өндөр  гэж дурьдсан байдаг.Модны мөчир, навч, жимс бvгдийг цул мөнгөөр урлаж, мөнгөн модны ёроолыг тойруулан тус бүрээс элдэв тансаг идээ ундаа олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Мөнгөн модны оройд гартаа бишгүүр барьсан Чагаа (angelum) тэнгэрийг урласан ба модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урласан. Нэг цоргоор нь дарс (vinum), нөгөөдөхөөр нь хар айраг (caracomon) гүүний цэгээхэн сүү, балын ундаа мөн террасина хэмээх тутаргын исгүүн умдаа гоождог байжээ  гэж Рубрукийн тэмдэглэлд бичжээ.

Тус музейд буй мөнгөн модыг уран сийлбэрч Дорж 1950 онд хуш модоор, ардын уламжлалт аргаар сийлбэрлэн бүтээсэн бөгөөд модонд луун амсартай таван цоргыг унжуулан маш гайхалтай урлажээ.

Халх эмэгтэйн гоёл чимэглэл

Монголд хорь гаруй том овог, ястан байдгийн ихэнх нь Халхууд эзлэх бөгөөд овог ястан бүр өөрийн үндэсний уламжлалаа хадгалсан өвөрмөц загвар хийц бүхий хувцас, эдлэл хэрэглэлтэй. XVI зууны үеэс монгол эмэгтэй үсээ дэргэр хэлбэртэй болгон угалз хээ бүхий үлэмж их цэвэр цагаан мөнгөн эдлэлээр гоёх болжээ. Тухайн үед эхнэр хүний зүүсэн чимэг зүүлтээр гэрийн эзний зэрэг дэв, бэл бэнчин харагддаг байсан тул хэдий баян байх тусам төдий чинээ нүсэр гоёл чимэглэл хэрэглэдэг байв.

Тус музейд буй халх эмэгтэйн гоёл чимэглэл нь толгойн боолт, хавчаар, шанаавч, шилэвч, сүйх, туйв,таван саваагүй зэргээс бүрдэх бөгөөд тус толгойн боолт, шанаавч, шилэвч, хавчаар бүгд нийт 1465 гр жинтэй.

Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг.Толгой дээрээ духруу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэдэг. Хоёр талруугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв буюу мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ.Туйв гэдэг нь бөс даавуугаар хийсэн үсний гэрийн дээд уганд байх хээ угалз, шигтгээ бүхий мөнгөн чимэгтэй гоёлыг хэлнэ.Өөрөөр хэлбэл үсний үзүүрийг хавчдаг хавчаарыг хэлэхээс гадна эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэй хүн үснийхээ үзүүрийг ил гаргалгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Халх эхнэр хүний таван саваагүй нь монгол эмэгтэйн цэвэр ариун байдлыг илтгэхээс гадна хатан хүний эрхэмсэг, ёсорхуу донж маягийн илэрхийлэл юм.