Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монголын өв соёл” музейн сан хөмрөгөөс Өндөр Гэгээн Занабазарын оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгалууд, Жанлав Цогзол судрын хувилбарууд, хөрөг зургууд, эд зүйлс болон Бурханы шашны холбогдолтой дурсгалуудыг багтаасан мянга орчим биет үзмэрүүдийг, Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёлт үзэгч судлаачид, уран бүтээлчдэдээ дэлгэн толилуулж байна.
Тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ивээлээр гаргаж судалгааны эргэлтэд оруулж цаашид ном болгон хэвлэх юм. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь Бурхан шашны олон төрөл зүйлийг хамаарахын зэрэгцээ урьд өмнө анзааралгүй орхигдсон, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй дурсгалуудаас бүрдсэн билээ.
Монголчууд Өндөр Гэгээнийхээ оюун санааны өв, биет дурсгалыг улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа алт шармал, хүрэл цутгуур бурхад, хэдэн жилийн өмнөөс нээсэн Сарьдагийн хийдийн шавар бурхдаар хязгаарлан ойлгож ирсэн байдаг. Өндөр Гэгээн нь монгол үндэстний Бурханы шашны тэргүүн, мөн дараа төрлүүдийн анхдагч тул асар их өв үлдээж, өвлүүлэн уламжлуулж, хөгжин цэцэглүүлэх урлахуй ухаан, судар номын дэг суурийг тавьсан алдарт хүмүүсийн нэг билээ.
Тиймээс энэхүү үзэсгэлэн нь түүний түүхэн гавьяаг таниулахад энэ мэт хувийн цуглуулагчдын гар дээр хадгалагдаж байгаа өв дурсгалуудад ач холбогдол өгч олон нийтэд танилцуулж, судалгааны эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлагаас урган гарч байгааг онцлон тэмдэглэж байна.
Энэ өдрүүдэд цуглуулагч нь үзэгч, судлаачидтай Өндөр Гэгээний өвийн талаар яриа өрнүүлэн бэхэн зургаа зурж, үзмэрүүдээсээ тайлбарлах юм.
Үзэсгэлэнгийн нээлт 2025.04.11-ны 13:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болох тул үзэгч олон, судлаачид, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.04.11-2025.04.21-ны өдрүүд
Цагийн хуваарь: Даваа-Ням гараг 09:00-17:30
Холбоо барих утас: 99188143, 11-323986
Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд