“АЛТАН АРГАМЖ” НОМ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын Элчин сайд нарын клубтэй хамтран ахмад дипломатуудын туурвисан, орчуулсан, хянан тохиолдуулсан номын үзэсгэлэнг 2025 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр дараалан дэлгэгдэх ном бүтээл түмэн олны сонирхлыг татах нь эргэлзээгүй. Тэр тусмаа 1913 онд орос худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан Хүрээний хамгийн өндөр барилга байсан, эдүгээ Монголын урлагийн олон зууны өвийг хадгалан таниулж буй нийслэл хотын маань анхны барилгуудын нэг уг музейн үзэсгэлэнгийн танхимд нэрт дипломатууд, элчин сайд нарын төлөөлөл ном бүтээлийнхээ дээжээс толилуулах гэж буй нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдалд тооцогдох учиртай.

Энэхүү үзэсгэлэнд 35 ахмад дипломат, сэдэв, агуулга өргөн хүрээтэй 200 гаруй номоо дэлгэн тавих гэж байна. Дипломатын дурсамжаас эхлээд мэргэжлийн гарын авлага, олон улсын харилцааны түүх, гадаад бодлогын замнал, уран зохиол гээд олон чиглэлийг хамарсан.

Монгол төрийн алтан аргамжийг бөхөлж явсан ахмад дипломатууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар төр улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа хажуугаар номд шамдаж, тодорхой бүтээл туурвисан хүмүүс гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах нь энэхүү үзэсгэлэнгийн нэг зорилго юм.

Номыг дээдлэгч эрхэм Та бүхэн 2025 оны 3 дугаар сарын 28-ны 12.00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хүрэлцэн ирж, ахмад дипломатуудын ном бүтээлийн дээжийг таалан соёрхоно уу.

МОНГОЛЫН ЭЛЧИН САЙД НАРЫН КЛУБ

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Үргэлжлэх хугацаа: 2025.03.28-2025.03.30

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:30 Бямба, Ням 10:00-16:30