“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн

Монгол улсад “Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил” –ийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.

 Музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гарч байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан  түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино.

“Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл болох 200 орчим  үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлж байна.

Энэхүү үзэсгэлэнд толилуулж буй наян дөрвөн шидтэний цуврал зургаар VIII зуунаас XII зуунд амьдарч байсан Энэтхэгийн их бүтээлч, бясалгагчдын  билгэ оюун ухаан, бясалгалын өндөр түвшинд хүрч, шид бүтээлийг олсон түүх намтрыг дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Бурхан багшийн Завджүний намтар бүтээлд (Бурхан багшийн урд 34 үе төрлийн  зохионгуй) урьд төрлийн үйлийн үрийн тухай ойлголтыг харуулсан, Богд Зонховын намтрыг дүрслэн үзүүлсэн бурхан зургууд нь сонирхууштай.

“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 202­4 оны 12 дугаар сарын 04 - ний өдрөөс  2025 оны 01 дүгээр сарын 07- ний өдрийн  хооронд үзэгч олонд дэлгэн толилуулна.

Үргэлжлэх хугацаа: 2024.12.04-2025.01.07