ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛ үзэсгэлэн

2017 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг "Эх хэл, бичиг" -ийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Мөн 2024 оныг МУ-ын Засгийн Газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор "Үндэсний бичиг, соёлын жил" болгон зарласантай холбогдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн зүгээс "ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛ" монгол уран бичлэгийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.

Энэхүү үзэсгэлэнд бурханч лам М.Эрдэмбилэгийн зүмбэрлэх аргаар урлан бичсэн 36 хуудастай "Энхтайвны магтаал" судар, шаазан дээр бичсэн "Өндөр гэгээний 36 үсэгт", Ц.Тамир, М.Эрдэмбилэг нарын хулсан үзгээр бичсэн бүтээлүүд, Б.Алтантуяа болон түүний шавь нарын бийрэн бичлэгийн бүтээлүүд зэрэг өөр өөрийн өвөрмөц өнгө аясыг харуулсан 60 гаруй бүтээлийг танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Б.Алтантуяа "Монгол бичиг өдөр тутмын хэрэглээнд" (гар утсанд ашиглах, компьютерт шивэх, бийрийн хичээнгүй бичиг) уулзалт ярилцлага, М.Эрдэмбилэг "Соёмбо үсгийн бичих ёс" сургалт, лекц зэрэг олон нийтэд зориулагдсан сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах тул үндэсний бичиг, өв соёлоо дээдлэгч үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад Зүүн хүрээ Дашчойлин хийд, "Есөн зүйл урлан" НҮТББ, "Оюунтүлхүүр урлагийн боловсролын төв" НҮТББ нар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран ажиллалаа.