Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй, “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа жар гаруй жилийг монголын дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, Монголын Урчуудын Эвлэлийг гуч гаруй жил удирдаж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Дүрслэх урлагийн дунд сургуулийг бие даасан сургууль болгоход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гавьяатан билээ.

Тэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт төрсөн. 1940-1944 онд Улсын Төв театрт дагалдан зураач, 1944-1945 онд Монгол кино үйлдвэрт зураач, 1945-1951 онд ЗХУ-ын Москва хотноо В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд Сергей Герасимовын ангид суралцан төгсөж, уран зураач мэргэжил эзэмшсэн юм. 1951-1955 онд Дүрслэх урлагийн газар зураач, зургийн газар багш, 1955-1956 онд МУЭ-ийн Хороонд 2-р нарийн бичгийн дарга, 1956 оноос Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны даргаар 33 жил ажиллажээ. Эх орны нийгмийн амьдрал, хөгжил цэцэглэлт, түүх соёл, ард түмний зан заншил, хөрөг, байгалийн сэдвээр бүтээлээ туурвиж, Монголын урлагийн түүхийг бичиж, улмаар олон улсын хэмжээнд сурталчлаж, Монголын дүрслэх урлагийн алтан санг бодит зургийн аргаар илэрхийлсэн бүрэн хэмжээний 300 гаруй том хэмжээний уран бүтээл, 3000 гаруй жижиг ба усан будгаар бүтээсэн зургаар баяжуулжээ. Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг Герман, Япон, Болгар, Унгар, Орос, БНХАУ, Япон зэрэг улсуудад дэглэн дэлгэж, Монголын урлагийн түүхийн тухай цуврал номнуудаар Монголынхоо дүрслэх урлагийг дэлхийд сурталчлан таниулах үйлсэд үлэмж нэмэр оруулжээ. Эрхэм хүндтэй уран бүтээлчийнхээ 100 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, үр хүүхдүүдтэй нь хамтран түүний амьдрал, уран бүтээлийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд нийт 100 гэрэл зураг дэлгэгдэхээс гадна зураачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан зургийн хэрэгсэл, эд зүйлсээс дэлгэн үзүүлэх болно.