Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улсын Хүний Гавьяат Эмч Харлагтай овогт Лхамсүрэнгийн Золзаяагийн 80 насны ойд зориулан түүний хань Монгол Улсын Ардын Багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Профессор Лувсандамбын Дашнямын цуглуулгаар “ХОЛДОМГҮЙ” уран зургийн үзэсгэлэн 2024 оны 3 дугаар сарын 12 – оос 3 дугаар сарын 17 – ны өдрүүдэд дэлгэгдлээ.
Л. Дашням нь 1980-аад оны дунд үеэс уран зургийн цуглуулгаа эхлүүлж байсан. Одоогоор түүний цуглуулгад нийт 160 орчим бүтээл бий бөгөөд энэхүү үзэсгэлэнд 80 гаруй уран зургийг дэлгэж, үзэгчдийн хүртээл болголоо.
Тус үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, С.Саранцацралт, МУ-ын Ардын зураач Г.Дунбүрээ, МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ц.Энхжаргал, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, Б.Насанцэнгэл, зураач Л.Моломжамц нарын бүтээлүүдээс гадна залуу уран бүтээлчдийн өвөрмөц, сонин содон зургууд дэлгэгдлээ. Тухайлбал: Зураач Г.Дунбүрээ “Бурхан Халдун”, “Ариун номын газар”, С.Саранцацралт “Гоо даль”, С.Төгс-Оюун “Болзоо”, “Хайр”, Б.Насанцэнгэл “Тайхар чулуу” зэрэг гайхалтай бүтээлүүдээс дурдаж болно.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн уран зургууд нь Монголын Дүрслэх Урлагийн тухайн үеийн чиг хандлага, илэрхийлэл, төрөл жанар, сэдэв агуулга, нийгмийн байдал зэргийг харуулж буйгаараа онцлогтой байв.
Уран зураг сонирхон цуглуулагчид нь монголын дүрслэх урлагийн гайхамшигт өв соёлыг хадгалан авч үлдэж, түгээн дэлгэрүүлж байдгаараа дүрслэх урлагийн түүхэн хөгжилд үнэлж баршгүй бодит хувь нэмэр оруулагчид билээ.
Та бүхнийг тус үзэсгэлэнгээр зочлон мэлмийгээ баясгахыг урьж байна.
Үргэлжлэх хугацаа: 2024.03.12-2024.03.17
Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 09.00-16.30 цаг, Бямба, Ням гаригт 10.00-16.30 цаг