Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд МУСГЗ, зураач Ц.Энхжаргал, МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэн дэлгэгдлээ.
Уран бүтээлч Ц.Энхжаргал өөрийн шавь У.Батцоожтой хамтран гаргаж буй энэ үзэсгэлэнгээ багш шавийн нандин холбоо, эрдэм ухааны хэлхээг тодотгон “Эргэх холбоо” хэмээн нэрлэжээ. Тус үзэсгэлэн нь хоёр зураачийн өнгө гэрэл, эгшиг аялгуу, өнө алсын далд санаа, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг багтаасан 40 гаруй бүтээлээс бүрдэх ажээ.
Монголын нэрт зураач Ц.Энхжаргалын бүтээлүүд гараас гарч дуусаагүй байхад нь эзэнтэй болчихдог онцлогтой бөгөөд уран зураг, дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын өв санд байдаг нандин бүтээлийн дээжис анх удаа олны хүртээл болж байна. Түүний бүтээлүүд хурц тод өнгө, гүн далд санаа, утга учир, уянга эгшгээр дүүрэн түүний уран зургууд хэн хүний сонирхлыг шууд татдаг увдистай. Тус үзэсгэлэнд “Чонон сар”, “Нам гүм”, “Дүлий шөнө”, “Уртын дуу”, “Би хэн бэ?”, “Улаан ба хар” зэрэг том хэмжээний бүтээлүүд мөн “Цагаан шөнө”, “Унтаж байгаа хөгжим”, “Сарны үнсэлт”, “Тэртээд үлдсэн бага нас”, “Нуугдсан хавар” зэрэг гайхалтай уран зургууд нь дэлгэгдэж байна.
Зураач У.Батцоож Дархан хотод дунд сургууль төгсөж, Дүрслэх урлагийн сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр өмнө нь “Ойллого”, “Б урлангийн 209 тоот” зэрэг гурван бие даасан үзэсгэлэн гаргасан. Бүтээлүүд нь үлгэр, домог, зөн билэг, зүүд зэрэглээний хөг эгшгээр дүүрэн байдаг бөгөөд энэ удаа “Туульс”, “Тумбааш”, “Жангар” “Зөнгийн мэлмий”, “Жигүүртэн”, “Уяхан замбуутив” зэрэг том хэмжээний бүтээлүүдээ толилуулж байна.
Нээлт: 2024.02.19-ний 14:00 цаг
Хаана: Музейн үзэсгэлэнгийн танхимд (Барилгачдын талбай)
Хугацаа: 2024.02.19 - 2024.02.27 дуустал ( Да-Ба: 09:30-16:30 / Бя,Ня: 10:30-16:30)
Утас: 32-39-86, 8054-3333, 9912-3229