2022 оны 8 дугаар сард “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бусын өвийн их наадмыг Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан амжилттай зохион байгуулсан билээ. Тус соёлын биет бус наадмын хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Долоо дахь ай сав буюу “УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН АЙ САВ”-ыг сурталчилан таниулах, өвлөн уламжлуулах, шинээр өвлөн уламжлагч нарыг тодруулах зэрэг олон ач холбогдолтой ажлууд хийсэн билээ. Энэ үр дүнтэй ажлыг үргэлжлүүлэн Уламжлалт гар урлалын ай савын хүрээнд хамрагдсан гар урчууд, өвлөн уламжлагч нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлгэрэнгүй байдлаар үзэгч түмэндээ толилуулж байна.
УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ
Соёлын Биет Бус Өвийн бүртгэлийн Уламжлалт гар урлалын Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай 5 өв байдаг. Тус үзэсгэлэнд Соёлын Биет Бус Өвийн Зүмбэр урлал, Эсгий ширмэл урлал, Эсгий хувцас урлал, Зээгт наамлын урлаг, Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал, Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, Зоос ширээний сүлжмэл, Монголын уламжлалт модон эдлэлийн урлал, Модон сийлбэрийн урлал, Монголын уламжлалт уях зангидах урлал, Монгол дархны уламжлалт арга ухаан, Ган сийлбэрийн урлал, Мөнгөн аяга хийх урлал зэрэг өвүүдийг багтаан үзэгч түмэндээ толилуулж байна.
???? Үзэсгэлэнд нэрт уран хатгамалч, өвлөн уламжлагч С.Цэрэнлхам, уран хатгамалч С.Буд, Бурмаа, Соёлын яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл, Уран сийлбэрийн “Шинэ өглөө” нийгэмлэгийн уран бүтээлч, өвлөн уламжлагч Ө.Очирсүрэн, С.Цэнгэл, Уран сийлбэрийн “Дөрвөлжин дугуй” нийгэмлэгийн уран бүтээлч, өвлөн уламжлагч Ц.Батмөнх, Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг, Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн уран дарханы багш Н.Дуйнхар, уран дархан Цэнгүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн багш А.Наранзул, Загдцэнд, Арьсан урлагийн “Хүрэл буга нийгэмлэг”-ийн уран бүтээлч Б.Бямбабаяр, Г.Бурмаа, Б.Нармандах, Түмэн эрдэнэс холбооны уран бүтээлч, уран дархан, өвлөн уламжлагч МУУГЗ Т.Төмөрсүх, уран дархан Б.Баярбаатар, уран дархан, ган сийлбэрч Б.Баярсайхан, өвлөн уламжлагч Б.Цэрэнчанаа зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, өвлөн уламжлагч хувь хүмүүс оролцож ардын уламжлалт гар урлалаа өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах юм.