Зээгт наамал хэмээх энэхүү урлагийн төрөл нь Хүннү гүрний үед нүүдэлчдийн уран сайхны өвөрмөц төсөөлөлд боловсрох явцдаа торгон дээр торгоор урлан, алт мөнгөн утас, есөн эрдэнээр чимэглэх болж, өдгөө монголын ард түмний үндэсний бахархал төдийгүй дэлхийн сонгодог урлагийн эрдэнэсийн санд гайхамшигт хувь нэмэр оруулж чадсан юм. Ингэхдээ ХХ зууны эхэн үеэс эхлэн Их хүрээний дэг сургуулийн бурхан зургийн бүтээлүүдэд тусгалаа олж улмаар хөгжлийнхөө оргилд хүрсэн байдаг.
Монгол бурханч нар Энэтхэг, Төвөдөөс уламжлагдаж ирсэн бурхан зураг бүтээх тогтсон дэгд суралцаж, монголчуудын урлагийн таашаал, гүн ухаан, гоо сайхны үзэл санаа, бэлгэдэл зүй, урлахуй ухааны онцлогт нийцүүлэн сүм хийдийн хана туурганаас өлгөх зориулалттай янз бүрийн хэмжээтэйгээр бүтээж байсны гадна цам бүжгийн ил задгай талбайг чимэх зорилгоор асар том хэмжээтэйгээр хүртэл бүтээн үзэгч олонд толилуулж байсан.
Тухайлбал XIX зууны үед хамаарах “Сэнгий Раа” /1670х1045см/ хэмээх асар том хэмжээний дэлгэмэл торгон зургийг Бандидын аймгийн Жамъян, “Цагаан дара эх” /1006х1040см/ хэмээх бүтээлийг Тойсүмлин аймгийн Цэнд удирдан Хүрээний урчуудаар, “Очирваань” /1450х1120см/ торгон зургийг 1810 онд Их хүрээний нэрт бурханч Жүгдэр, Цэнд нарын хар зургаар, Их хүрээний Сангайн үйлчид бүтээж байсан түүхтэй.
Тус музей өөрийн сан хөмрөгөөсөө нийт 19 бүтээл дэглэн тавьж байгаа бөгөөд тэдгээрийн дотор Хангагч эрдэнэ буюу 10 хангал бурхдад зориулан бүтээдэг “Ганзай”, Бурханы шашны шар малгайтын урсгалыг үндэслэгч “Богд лам Зонхов”-ын хөрөг дүр, усан цэнхэр өнгийн торгон дэвсгэр дээр бурханы орныг дүрслээд дээр нь 3316 ширхэг сувд, 297 ширхэг шүрээр чимэглэсэн “Гүнрэгийн хот мандал” зэрэг олон сонирхолтой бүтээлүүд багтаж байна.